Цаг үе, үйл явдал
Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж буй улсын тусгай хамгаалалттай газрын удирдлага, мэргэжилтнүүд Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 3-аас 5-ны өдрүүдэд чууллаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн хууль, эрх зүйн орчны нөхцөл, байгалийн нөөц ашиглалт, хамгаалалтын захиргааны санхүүгийн байдал, төсөв бүрдүүлэлт, тогтвортой санхүүжилтийн арга замууд, байгал хамгааллын менежментийн шинэлэг зүйлс, аялал жуулчлалын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Монгол улсын анхны тусгай хамгаалалттай газруудын нэг болсон Говийн Их Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасан явдал нь улсынхаа алс, буйд ажиллаж байгаа байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн үйл хэргийг үнэлсэн чухал тохиол болов. Мөн Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөл 2023 онд нийлүүлсэн төхөөрөмж, хэрэгслийн үлдэгдэл зөөврийн компьютерийг хамгаалалтын захиргаанд гардуулах ажил зохион байгуулагдав.
Энэхүү арга хэмжээг БОУАӨЯ зохион байгуулж Монгол, Германы Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл, Монголын байгалийн Өв сан, TNC, Ханнс Зайделийн сан хамтран оролцлоо




