Цаг үе, үйл явдал
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн хүрээнд 2022-2023 онд Монгол Улсын нийт Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад болон баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, ажилтан албан хаагчдыг 4 улирлын 17 нэр төрлийн иж бүрэн дүрэмт хувцас хэрэглэлээр хангасан билээ.
2025 онд үлдсэн 16 аймгийн Байгаль орчны газар болон шинээр байгуулагдсан хамгаалалтын захиргааны нийт 760 орчим байгаль хамгаалагч, ажилтан албан хаагчдыг дээрх 4 улирлын 17 нэр төрлийн иж бүрэн дүрэмт хувцас хэрэглэлээр хангах худалдан авах ажиллагааг зохион байгуулж гэрээ байгуулснаар гүйцэтгэлийг захиалагч хүлээн аваад байна.
Дүрэмт хувцас нийлүүлэх тендерт шалгарсан “Асралтбаян Хайрхан” ХХК-аас 2025 оны 06 дугаар сарын 23-аас 27-ны өдрүүдэд ашиглагч байгууллагуудын байгаль хамгаалагч, албан хаагчдад зориулан хувцас хэрэглэлийг танилцуулж, ашиглалтын явцад анхаарах цэвэрлэгээний заавар зөвлөмжийг өгч 36 байгууллагад дэд актаар хүлээлгэн өглөө.
Байгаль хамгаалагчийн дүрэмт хувцас хэрэглэлийг өмнөх онуудад нийлүүлсэн дүрэмт хувцасны хэрэглээний явцын үр дүнд үндэслэн шинэчлэл, сайжруулалтууд хийгдсэн бөгөөд хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ даах, хээрийн нөхцөлд ашиглаж, хэрэглэхэд тохиромжтой хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, ажиглалт, хяналт мониторинг хийх, судалгааны ажилд үр дүнгээ өгч, аймгуудын Байгаль орчны газруудын менежментийн чадамж, байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ингэснээр буцалтгүй тусламжийн хүрээнд улсын хэмжээнд ТХГН-ын 41 хамгаалалтын захиргаа болон 21 аймгийн Байгаль орчны газрын нийт 2000 орчим албан хаагч, байгаль хамгаалагчид нэгдсэн өнгө төрх бүхий 4 улирлын иж бүрэн дүрэмт хувцас, хээрийн ажлын үндсэн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна.