Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн хүрээнд 2023 онд Улсын Тусгай Хамгаалалттай газрууд болон баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн Байгаль орчны салбарын 62 байгууллагын ажилтан албан хаагчдад хээрийн ажилд зориулагдсан 2 төрлийн майхан, аяны хөнжил, гудас, гар чийдэн, усны халуун сав, батарей цэнэглэгч, аяны үүргэвч, яаралтай түргэн тусламжийн иж бүрдэл зэрэг 9 нэр төрлийн 6247 ширхэг үндсэн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангасан.
Энэ удаад үлдсэн 16 аймгийн Байгаль орчны газарт дээрх 9 нэр төрлийн 2741ш багаж хэрэгслийг байгаль хамгаалагч нарт олголоо. Ингэснээр улсын хэмжээнд ТХГН-ын хамгаалалтын захиргаа болон 21 аймгийн Байгаль орчны газруудын албан хаагч, байгаль хамгаалагчид хээрийн ажлын үндсэн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байна.
Тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт шалгарсан “Ай Си Ай систем Монголиа” ХХК-аас компанийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хээрийн ажлын иж бүрдлийн танилцуулга, ашиглалтын заавар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг ашиглагч байгууллагуудын ажилтан ажиллагсдад зориулан зохион байгуулж, үндсэн хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.
Албан хаагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ даах, хээрийн нөхцөлд ашиглаж, хэрэглэхэд хялбар хэрэглэгдэхүүн, багаж төхөөрөмжтэй болсноор хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, ажиглалт, хяналт мониторинг хийх, судалгааны ажилд үр дүнгээ өгч, аймгуудын Байгаль орчны газруудын менежментийн чадамж, байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.