ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны бүсийн захирал хатагтай К.Имбуш тэргүүтэй Германы сэргээн босголт зээлийн банкны төлөөлөл бүхий ажлын баг 2024 оны 09 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд Хустайн БЦГ-т ажиллаж, БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн үйл ажиллагаа, ТХГН-т оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнтэй танилцлаа.
Арга хэмжээг БОЯБХУАӨДЗ төслийн зохицуулагч М.Болдбаяр ХБНГУ-ын Засгийн газарт талархал дэвшүүлэн нээн, Хустайн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, төслийн хэрэгжилт үр дүнг танилцуулж, төслийн зөвлөх багийн техникийн ахлах зөвлөх А. Градел төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.
Хөтөлбөрийн дагуу ажлын баг нь төслийн санхүүжилтээр Хустайн БЦГ-т баригдсан байгаль хамгаалагч судлаач нарын 16 айлын орон сууцны ашиглалттай танилцаж, байгаль хамгаалагч мэргэжилтэн нарын сэтгэгдлийг сонслоо. Мөн тухайн Байгалийн цогцолборт газрын үнэт зүйлс болох тахь адууг сэргээн нутагшуулж буй ажлын үр дүнгийн талаар газар дээр нь танилцсан.
Энэхүү арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Германы Сэргээн босголт зээлийн банкны Франкфурт, Бээжин, Улаанбаатар хотууд дахь салбарын төлөөлөл болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл зэрэг 10 гаруй албан тушаалтнууд оролцлоо.
Ажлын баг нь 2024 оны 05-06-ны өдрүүдэд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам болон Эрчим хүчний яамны удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талт болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бусад төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй үргэлжлүүлэн танилцах юм.