bg

“Алсын удирдлагатай камер, нарны зай хураагуурын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зөвлөх үйлчилгээ” тендерт оролцохыг хүссэн хуулийн этгээдээс тодруулга асуултын хариу

2024-08-16

Төслөөс зарласан “Алсын удирдлагатай камер, нарны зай хураагуурын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зөвлөх үйлчилгээ” тендер шалгаруулалтад оролцохыг хүссэн нэгэн хуулийн этгээдээс тодруулга асуултын хариутай танилцана уу.

 

Тодруулга асуулт 1: Бид ажлыг хэрхэн гүйцэтгэх арга зүйгээ боловсруулах болон өөрсдийн санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ 18 хамгаалалтын захиргаадаас сонгож ажиллана гэж төлөвлөх нь зөв үү? (Бүх хамгаалалтын захиргаадад хүрч ажиллахгүй).

 

Хариулт 1:

Үгүй ээ. 18 хамгаалалтын захиргаанд очиж ажиллана.

 

Нэгдүгээрт:Ажлын даалгаврын “Хамрах хүрээ” хэсэгт “БОЯБХУАӨДЗ II/III төслийн зорилтот ТХГН-ийн 18 хамгаалалтын захиргаадын хүрээнд ажиллаж дээрх зорилгод холбогдох өнөөгийн нөхцөл байдлын талаар иж бүрэн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийж, үндэслэл, зөвлөмж боловсруулна” гэсэн байгаа нь тухайн хамгаалалтын захиргаа тус бүр дээр очиж нөхцөл байдлын талаар иж бүрэн мэдээлэл цуглуулах дүн шинжилгээ хийж үндэслэл зөвлөмж боловсруулахыг шаардаж байгаа болно. 

Хоёрдугаарт: Нарны зайн эрчим хүчний системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход тухайн хамгаалалтын захиргааны байрлал дээр очиж одоо ашиглаж буй оффисын барилгын  ерөнхий байдал, цахилгаан, дулааны хангамжийн өнөөгийн байдлыг газар дээр нь тодорхойлж цаашид уг барилгыг хэрхэн ашиглахтай холбоотойгоор халаалт, цахилгааныг нарны эрчим хүчээр хангах уу? төвийн эрчим хүчээр хангах уу? эсвэл хосолсон хэлбэрээр хангах уу? эрчим хүч халаалтын ямар технологи хэрэгцээ шаардлагатай вэ? гэдэг судалгаа хийж дүгнэлт гаргах учраас Хамгаалалтын захиргаа бүр дээр зайлшгүй очихыг шаардана.

 

Тодруулга асуулт 2: Харин “Бусад шаардлага, ажиллах зарчим” хэсэгт “Зөвлөх нь үнэлгээнд хамруулахаар сонгосон хамгаалалтын захиргаад ба тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Захиалагчтай зөвлөлдөж, зөвшөөрөл авах шаардлагатай.” гэж тусгажээ. Эдгээр мэдээлэл нь бидэнд эргэлзээ төрүүлж байгаа учраас ийнхүү тодруулга хийж байна.

 

Хариулт 2:

Алсын зайн хяналтын камерын тухайд гэвэл 18 хамгаалалтын захиргааны хариуцаж байгаа нийт 34 тусгай хамгаалалттай газруудыг бүрэн камержуулах асуудлыг шийдэх боломжгүй тул АЗХК зайлшгүй шаардлагатай газруудыг урьдчилан сонгож (Алсын зайн хяналтын камерийн ерөнхий зориулалт, хэрэглээний хүрээ, тодорхойлолтыг та бүхэн мэдэж байгаа байх ) тухайн камерыг суурилуулж ашиглах зайлшгүй хэрэгцээ бүхий хамгаалалтын захиргааг урьдчилан  сонгож нарийвчилсан үнэлгээ хийхийн өмнө захиалагчтай зөвлөлдөж зөвшөөрөл авах шаардлагатай юм. Тендерт оролцогч нь тусгай хамгаалалттай газар дээр очилгүйгээр АЗХК-ын хэрэгцээг урьдчилсан байдлаар тодорхойлох аргачлалаа ирүүлэх байх гэж найдаж байна.  Сонгосон тусгай хамгаалалттай газрын сонгосон цэгүүдийг захиалагчтай зөвлөлдөж, зөвшилцсөнөөр хэрэв шаардлагатай бол тухай цэг дээр очиж нарийвчилсан судалгаа хийх нь үр дүнтэй байх болно. Иймд энэ асуудлыг "Бусад шаардлага, ажиллах зарчим" хэсэгт оруулсан. 

Жич: НЗЭХС болон АЗХК-ын технологийн шаардлагууд, техникийн үзүүлэлтүүдийг тухайн хамгаалалтын захиргааны оффисын байрлал, тухайн тусгай хамгаалалттай газрын менежментийн болон байгаль цаг уурын онцлог, бусад үзүүлэлтүүдэд тохируулан тодорхойлох юм. АЗХК нь хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал өндөртэй тул хязгаарлагдмал тоогоор, маш онцгой нөхцөл бүхий газруудад зориулан загвар байдлаар ашиглуулахыг анхаарна уу.