bg

Цаг үе, үйл явдал

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Байгалийн Өв Сан, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран “Тогтвортой аялал жуулчлал, зочин жуулчны менежмент ба тайлбарлан таниулах үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
✅Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Дэ Нэйче Консерванси” (The Nature Conservancy) болон Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.
✅Сургалтад Хурдасгуур хөтөлбөрт шалгарсан 15 хамгаалалтын захиргааны төлөөлөл, Хомын талын тахь, Хар Ус нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцов.
✅ Сургалтыг зочин, жуулчны менежмент, тайлбарлан таниулах үйлчилгээ, тогтвортой аялал жуулчлал гэсэн үндсэн гурван чиглэлээр онолын мэдлэг, бодит жишээ, кейс судалгаа, багийн дадлага болон асуудал шийдвэрлэх хэлэлцүүлгийг хослуулсан практик арга зүйгээр зохион байгууллаа.
✅ Оролцогчид харилцан туршлага солилцож, өөрсдийн хариуцан хамгаалж буй газар нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн зочин, жуулчны менежментийн төлөвлөгөө болон өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх шийдлүүдийг боловсрууллаа.
✅ Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг байгаль хамгааллын зорилго, экологийн даацад нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх нь байгалийн болон соёлын өвийг хадгалан хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг дэмжих ач холбогдолтой юм.
Энэхүү сургалт нь хамгаалалтын захиргаадын аялал жуулчлалын менежментийн чадавхыг бэхжүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг төлөвшүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.