bg

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД БАРИЛГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2024-09-16

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Барилгын асуудал хариуцсан ажилтан сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно.

Ерөнхий шаардлага:

Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ конвенц, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

А. Ажлын цар хүрээ

  • Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ, конвенц, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн барилгын чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар аливаа шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргуулах, шийдвэрлүүлэх;
  • Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн хэрэгцээ шаардлага, зураг төсөл, төсөв боловсруулах, барилга байгууламж барихтай холбоотой ажлуудыг хэрэгжүүлэхэд оролцох;
  • Төслийн ерөнхий менежмент, бусад үйл ажиллагааг тасралтгүй явуулахад өөрийн зүгээс шаардлагатай хувь нэмрийг оруулах, ТХН-ийн зохицуулагч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажил горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Барилгын инженер мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Дээрх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, Олон улсын төсөл хөтөлбөрт ажилласан бол давуу тал болно;
  • Монгол хэлний аман болон бичгийн өндөр, англи хэлний зохих мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой бол давуу тал болно;
  • Оффисын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, зохион байгуулах, багаар ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  • Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;
  • CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
  • Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

  • Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
  • Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
  • Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.